951.7
Б387
Баярсайхан Б.
          Монголын түүх бичлэг: 1-4 боть Ред. С.Чулуун .- УБ.: , 2021, .- I боть 192х., II боть 196х. , III боть 200х. , IV боть192х., -ISBN 978-9919-9524-7-1 .: 25000
- Боть I: Удиртгал, эртнээс арван зургаадугаар зуун, Боть II: Арван долдугаар зуун, Боть III: Арван наймдугаар зуун, Боть IV: Арван есдүгээр зуун



Аливаа нэгэн улс үндэстний түүхийг ард түмэн нь бүтээдэг бөгөөд харин түүхчид дэвтэрлэн бичиж шаштирлан үдэж хойч үедээ үлдээдэг байна. Тийн хүргэхдээ түүхэн цаг үе, түүхийн мэдлэгийн цар хүрээ, оршин буй нийгмийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байдлаар бичих учир аливаа нэгэн улс гүрэн битгий хэл нэгэн улсын өөр өөр цаг үеийн түүхчдийн сэтгэлгээ, түүхийн судалгааны арга зүй, түүний бодит илрэл болсөн түүхийн зохиолууд ч харилцан адилгүй байх аж.
Тиймээс тухайн ард түмний бүтээн бий болгосон түүхийн мэдлэг ухаан, түүх бичлэгийн зохиолууд, тэдгээрийг бичиглэн үлдээсэн түүхчид, түүхийн байгууллага, түүхэн үзэл санааны хөгжил, түүхийн судалгааны онол, арга зүйн чиг хандлагыг судлан шинждэг ТҮҮХ БИЧЛЭГ хэмээх түүхийн шинжлэх ухааны салбар бий болжээ.
Монголын түүхийн шинжлэх ухааны нэгэн том салбар болох түүх бичлэгийн ухаан нь Монгол улсад бие даасан салбар болон хөгжиж эхэлсэн нь 1950-иад оны дунд үе бөгөөд тэр үеэс эдүгээ хүртэл монголчуудын түүх бичлэгийн уламжлал, хөгжлийг судлан шинжсэн нэгэн сэдэвт бүтээл болон эрдэм шинжилгээний өгүүлэл чамгүй нийтлэгдсэн байна. Тэдгээр бүтээлүүдийг үндсэнд нь хоёр хэсэгт ангилж болох бөгөөд нэгд, түүх бичлэгийн онолын үндсэн асуудлыг хөндөн судалсан бүтээл, хоёрт түүхэн нэгэн үе, үйл явдал, төрийн зүтгэлтний намтар түүхийг хэрхэн судалсан бүтээлийн судлал хэмээн ангилж болох юм. Манай орны тухайд хэдийгээр түүх бичлэгийн хэмээх тодотгол бүхий зохиолууд нэлээд нийтлэгдэх авч дээрх ангилалын хоёрдугаарт багтах зохиолууд нь олон аж.
Энэ утгаараа түүх бичлэг сонирхон судлагчдад гарын авлага болохуйц түүх бичлэгийн онолын үндсэн асуудлыг тусган харуулсан, мөн монгол түүхчдийн түүхийг үзэх үзэл, бичиглэн хүргэх арга ухаан, бичлэгийн хэлбэр, дэг жаягийн тухай асуудалд анхаарлаа хандуулсан бүтээл цөөвтөр байна. Нөгөө талаар түүхийн шинжлэх ухааны судалгаа шинэ шатандаа гарч түүхэн үйл явдлын тухайд тоочин өгүүлэхээр хязгаарлах бус историзм, метатүүхийн онолын хүрээнд түүхэн үйл явдлын учир шалтгаан зүй тогтлыг ментальность буюу тухайн үеийн сэтгэлгээний түвшинд нь тайлбарлан таниулах шаардлага зүй ёсоор урган гарч байгаа өнөө үед монголчуудын түүх бичлэгийн уламжлалыг цаг үеийн түүхэн нөхцөл, сэтгэлгээний түвшинд судлан шинжиж бүдэг бүрхэг асуудалд хариулт өгөх нь нэн чухал юм.
Монголын түүх бичлэгийн онолын үндсэн асуудлууд, тэрчлэн XVI зуун хүртэлх монголын түүх бичлэгийн судалгаа тодорхой байдлаар хийгдэж иржээ. Энэхүү судалгааг он дараалан өгүүлбэл дараах байдалтай байна.

Худалдаж авсан

Түүх бичлэг Их Монгол Улс Эртний улсууд Түүх бичлэгийн арга Алтан товч Шар тууж Эрдэнийн товч Тойн Гүүш Сарны гэрэл Гангын урсгал Ишбалжир Гаван Шарав Дарма Рашипунцаг Ната Гомбованжил Баатар увш Дэди Болор толь Эрдэнийн эрхи Улиастайн товч ойллого

951.7 / Б387